Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн экосистемд эрсдэл учруулсаар байгаа өнөө үед байгалийн сөрөг хүчин зүйлсийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндсэн гол арга зам нь зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөлийг танин мэдэж, байгалийн нөөцийг хамгаалах, менежменттэй ашиглах арга технологийг хэрэгжүүлэх явдал юм.
Хүний сөрөг үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсэж байна. Энэ бүхнийг зөвхөн нэг улсын хэмжээнд даван туулах стратеги шийдэл гаргах нь учир дутагдалтай юм. Үүсэж буй асуудлыг улс орон, бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаанчаар харж нэгдсэн ойлголцлоор судлан тогтоон тэдгээр асуудлыг шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх замаар даван туулах стратеги боловсруулах нь хамгийн үр дүнтэй байх боломжтой. Иймээс эдгээр сөрөг хүчин зүйлийг даван туулах шинжлэх ухаанч арга ухаан, технологийг хэлэлцэн, зөвлөлдөх боломжийг “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” /ICOMP/ сэдэвт олон улсын XIII бага хурал олгож байна.
Энэхүү олон улсын бага хурлын үндсэн зорилго нь Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үйл ажиллагаа эрхлэгч олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн, бодлого тодорхойлогч нарыг нэгэн талбарт цуглуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар нэгдсэн ойлголцол, зөвлөмжийг гаргахад оршино. Олон улсын хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл болон БСШУЯ, БОАЖЯ, Их дээд сургууль, ЭШ-ны байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач нар оролцлоо. Энэ жилийн салбар хуралдааныг газарзүй, геоэкологийн судалгааны чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал ба байгалийн нөөцийн менежмент, нийгэм эдийн засгийн газарзүй ба бүс нутгийн хөгжлийн асуудлыг хөндсөн судалгааг хэлэлцүүлж байна. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаар онцлог юм.
“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” олон улсын XIII бага хурал
“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын анхдугаар бага хурал 2005 оноос зохион байгуулагдаж ирсэн бөгөөд, Монгол, Хятад, ОХУ-ын судлаачдыг бүс нутгийн тогтвортой хөгжил, байгалийн нөөцийн менежментийг дэмжих чиглэлээр гарсан сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтуудыг хуваалцах талбар болжээ. Энэ жилийн олон улсын XIII бага хурал нь Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Дэчингунгаагийн Доржготовын 80 насны ойд зориулагдаж байгаагаараа ихээхэн онцлог юм. Академич Д.Доржготов нь Монголын өндөрлөгийн олон улсын бага хурлыг зохион байгуулах гол санаачлагчдын нэг төдийгүй, Монголд анхлан хөрсний судалгааг эхлүүлж, өдгөө 60 гаруй жил дагнан судалж 300 гаруй ном, бүтээл туурвиж, Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг Монгол төдийгүй гадаад улсаас хүртэж буй 2 дах эрдэмтэн юм.
Тус бага хуралд ОХУ, Буриад, БНХАУ, Өвөр Монгол, Герман, Япон, Бельги болон Монголын нийт 230 гаруй эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгч оролцохоос, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болох БНХАУ-ын эрдэмтэн “Wang Tao”, “Dong Suocheng”, “Xinping Wang”, Японы эрдэмтэн “Qinxue Wang”, “Tadanobu Nakayama”, “Kaoru Kashima”, Германы эрдэмтэн “Michael Walther”, “Jörg Janzen”, Оросын эрдэмтэн “Arnold Tulkhonov”, “Garmaev Endon Zhamyanovich”, Өвөр Монголын эрдэмтэн “Burenjargal”, “Bai Yuhai” нар уригдан цахим байдлаар мэндчилгээ дэвшүүлж, мэдээллээ хуваалцлаа.
“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” /ICOMP/ сэдэвт олон улсын XIII бага хурал нь доорх үндсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан.
Үүнд:
• Газарзүй, геоэкологийн судалгааны чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд
• Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал ба байгалийн нөөцийн менежмент
• Нийгэм эдийн засгийн газарзүй ба бүс нутгийн хөгжил
Хурлын товхимолд нийт 80 өгүүллийг ирүүлсэн бөгөөд нийт Цахим хуралдаанаар нийт 65 (49 oral; 16 poster) илтгэлийг хэлэлцүүлэн мэдлэг, мэдээлэл, саналаа солилцлоо. Дэлхий нийтэд тулгараад байгаа Ковид-19 цар тахлын үед энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цахим болон танхимын хосолмол (hybrid) байдлаар зохион байгуулсан нь оролцоог өндөр түвшинд байлган, амжилттай зохион байгуулах гол хөшүүрэг боллоо.

